Би : Амьдрал заримдаа дэндүү гашуун.

Амьдрал заримдаа дэндүү гашуун.

Та нар "My sister's keeper" гэж кино үзсэн үү? Үзээгүй бол үзээрэй гэж хэлмээр байна. Хорт хавдар туссан охиноо аврах гэж зохиомлоор хүүхэдтэй болоод нялхаас нь эхлээд л янз бүрийн мэс засал хийлгэж, эм тан хэрэглүүлээд том охиноо аврах сэтгэлдээ улайраад бага охиноо яаж зовоож байгаагаа мэдээгүй эцэг эх, золиосонд шахуу явж байгаа охин, хажууд нь хараад л яахаа ч мэдэхгүй байгаа ах, үхнэ гэдэгтэйгээ эвлэрсэн, магадгүй гэрийнхээ бусад хүмүүсээс хамгийн ихээр шаналж байгаа өвчтэй охин гээд нэг гэр бүлийн тухай гардаг. Ээж нь өвчтэй охиноо бодож байгаа мөртөө эрүүл байгаа, эгчдээ донор болж байгаа охиноо бас хүн гэж харах нүд нь сохорсон мэт. Зарим хэсэгт нь бүр энэ эмэгтэй яаж ингэж чадаж байна аа гэмээр санагдана. Энэ киног үзэж байхад нэг найз охин маань санаанд орлоо. Эмч нарын буруугаас болж саажилттай болсон охин нь хэзээ ч босож явах байтугай суухгүй, ярихгүй гэж эмч нар оношлосон. Гадаад, дотоодын бүх л сайн эмч нарт үзүүлсэн. Бүгд нэмэргүй гэсэн. Тэгсэн ч найз охин маань охиндоо 4 жилийнхээ  амьдралыг бүхлээр нь зориулж байна. Саажилттай хүүхдэд вакцин хийж болдоггүй болохоор тэд өвдөх нь амархан байдаг. Хүнд ч өвддөг. Уух эм, тарих тариа нь хүртэл хэд дахин өндөр тунтай. Ярьж хэлж чадахгүй болохоор түүнд ямар байдгийг нь мэдэх боломжгүй. Энэ кинон дээр гардаг өвчтэй хүүхэд бол залхаж байна, өвдөж байна гээд хэлдэг. Гэтэл найз охины маань охинд ямар хэцүү байдаг бол... Эмч нар бол угаасаа урт наслахгүй өөрийгөө ч хүүхдээ ч зовоож байхаар бараг зүгээр л үхүүлсэн нь дээр гэж хүртэл хэлж байсан гэсэн. Найз охин маань энэ кинонд гардаг ээж шиг охиноо амьд байлгах гэж хичээхдээ охиноо шаналгаж байдаг юм биш биз дээ гэсэн аймаар бодол надад төрөөд. Охин нь өнгөрчихвөл найз охин маань яана даа гэж би үе үе боддог. Өнөөдөр түүнд охиноос нь өөр хүн байхгүй мэт амьдарч байхад, маргааш тэр нь байхгүй болвол гэнэт тэр хүн юу хийх вэ, яах вэ гээд учраа олохоо байх болов уу, их л шаналах байх даа. Охиноо хэдхэн хоног ч болов илүү амьдруулах гэж тэмцэх ээжийг буруутгах хэцүү. Гэхдээ л хүүхэд нь ингэж тамлуулж байхаар үхэх юмсан гэж боддог бол яана? Амьдрал зарим хүнд гашуун, бүр дэндүү гашуун байх юм.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)